Абдул-Бахагийн 26 мөргөл (#13086)

Тэрээр Бурхан бөлгөө.

Дээдийн чуулганы хүрээлсэн тэрхүү Газарыг тойрон биширсэн та минь ээ! Цорын ганц үнэн Бурханы Босгоны өмнө талархал өргөн, гараа сунган залбираад, ийнхүү өчнө үү: Аяа, чин сэтгэлээсээ хайрлагч бүхний эрхэм дээд хүсэл эрмэлзэл Та минь ээ! Аяа, тэнүүчлэн төөрөх сүнс бүрт Удирдамж болсон Та минь ээ!  Мөхөс дорой энэхүү шадар зарцдаа Та хязгааргүй адислалаасаа хүртээж, азгүй дорой энэхүү хүмүүнийг Өөрийн нэг нэгдмэлийн Босгонд ойртон дөхөхөд нь залан чиглүүлсэн билээ.  Өөрийн хайр энэрлийн амьд рашааныг омголтсон уруулд минь хүргэж, ядарч зүдэрсэн сүнс сүлдийг минь Та тэнгэрлэг нигүүлслийнхээ сэвшээгээр сэргээсэн билээ. Дээдийн нигүүлсэнгүй ивээл хишгээсээ надад дүүрэн хувь заяаж, Таны ариун Босгонд  хүрэх алдар гавъяаг хүртээсэнд Тандаа гүнээ талархнам.  Оройн дээд ариун Хаант улсын тань өлзий буянаас хязгааргүй хувь хэмжээ тасалж өгөхийг Танаас наминчлан гуйнам, би.  Өгөөмөр ач тусаа хайрлана уу.  Нигүүлсэнгүй адис ивээлээ хүртээнэ үү.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13087)

Аяа, үл үзэгдэгч анд Та минь! Аяа, энэ ба ирэх ертөнц дэх бүхний Хүслэн минь! Аяа, нигүүлсэнгүй Хайрт Та минь!  Өчүүхэн дорой эдгээр хүмүүс Таны хайранд умбаж, хүч мөхөс эдгээр хүмүүс Таны босгонд хорогдохыг хүсэмжилж байна.  Шөнө орой бүр танаас алс хол байгаадаа тэд санаашран ёолж, өглөө бүр муу санаатны халдлагын улмаас харамсан гашуудаж нулимсаа унагаадаг билээ.  Хором бүрт тэд шинэ шарх хүртэж, хорон санаат дарангуйлагч бүхний учруулах дарамтан дор амьсгал авах бүртээ зовлон шаналал амснам.  Гэсэн хэдий ч тэд галын суварга шиг дүрэлзэн бадарч, наран саран лугаа адил гэрэлтэн гялалзаж байгаад Таныгаа магтан бахдая. Тэд өргөсөн туг далбаа мэт Бурханы Үйл Хэргийн төлөө эгцлэн зогсож, эрэмгий зоригт морьтон лугаа адил урагш тэмүүлэн талбар руугаа яаравчлана. Тэд булбарай дэлбээ шиг цэцэглэж, инээмсэглэх сарнай лугаа адил баяр хөөрөөр бялхсан байна. Тиймд, хайр халамжит Хангагч Та минь ээ, Таны Хаант улсаас хайрлах хурмастын гоо жавхлангаар эдгээр буянт хүмүүст тусалж, эдгээр ариуссан хүмүүст Оройн Дээд Бурханы шинж тэмдгүүдийг илтгэн харуулах буян хишгийг хайрлаж болгооно уу.  Та бол Бүхнээс Буян хишигтэн, Өрөвч сэтгэлтэн, Бүхнээс Энэрэнгүй, Нигүүлсэнгүй нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13088)

Аяа, эгнэшгүй, хайр халамжит Эзэн Та минь! Чадвар чадавх, үнэлэхүйц чанараар дутмаг бидэнд гай бэрхшээлийг тэсвэрлэхэд хязгааргүй бэрх байгаа ч гэлээ, чадвар чадавх, үнэлэхүйц чанар бол Танаас л хүртээдэг өгөөмөр хишиг бөлгөө. Аяа, Эзэн тэнгэр минь! Бидэнд чадвар чадавх хайрлаж, үнэлүүштэй чанар хүртээнэ үү. Чингэвээс бид тууштай үнэнч нэн агуу сэтгэлийг үзүүлж, энэ хорвоо ба түүний түмэн ардаас татгалзаж, Таны хайрын галыг бадамлуулан зулын гол мэтээр тодоос тод дүрэлзэн шатаж гэрэлт цацрагийг нь түгээн тархаах болмой. 

Аяа, Хаант улсын Эзэн тэнгэр минь! Хуурмаг төсөөллийн энэхүү орчлонгоос биднийг чөлөөлж, энх мөнхийн орон руу хөтлөн дагуулна уу. Энэхүү доорд амьдралаас биднийг бүрэн гэтэлгэж, Хаант улсынхаа хязгааргүй ивээл хишгээр адислан хайрлана уу. Бодит мэт төрхтэй ч оргүй хоосонгийн хорвоогоос биднийг ангижруулж, өнө мөнх амьдралыг заяана уу. Бидэнд баяр хөөр, цэнгэл жаргалыг бэлэглэж, амар амгалан, амирлангуй байдлыг хайрлана уу. Зүрх сэтгэлийг маань тайтгаруулж, сүнсийг маань энх тунх, тайван амгаланд умбуулна уу, чингэвээс бид Таны Хаант улс өөд дөхөн Тантай уулзан золгож, оройн дээдийн орчлон хорвоод баясан цэнгэх болмой. Та бол Өглөгч, Хишиг хайрлагч, Хамгаас Хүчит билээ!

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13089)

Аяа, өнө мөнхийн Хайрт минь, хайрлан биширдэг Анд минь! Тантай учирч чадахгүй байсаар хэр удаан төөрөлдөн, Танаас холдон хагацахуйн зовлонд хэчнээн их тарчлах билээ, би? Тэнгэрийн Хаант улсынхаа хязгаар луу намайг удирдан чиглүүлж, ер бусын Орчлонгийнхоо үзэгдэхүйн орчилд Өөрийн хайр энэрлийн мэлмийн харцаа надад тусгаж ивээнэ үү.  

Аяа, Хамгийг Чадагч Эзэн тэнгэр Та минь! Намайг Та Хаант улсынхаа иргэдийн нэгэнд тооцож багтаана уу. Үхэлт энэхүү ертөнц бол амьдрах ахуй гэр минь бөлгөө. Орон зайгүйн орчлонд тань хоргодох өргөөг надад олгоно уу.  Газар дэлхийн харъяатай над дээр Өөрийн сүр жавхлангийн туяаг тусгаж хайрлана уу. Тоост энэ орчлонд оршин суудаг намайг тэнгэрийн ертөнцийн оршин суугч болгож хайрлана уу.  Чингэснээр би Таны замналд амь амьдралаа зориулж, зүрх сэтгэлийнхээ хүсэл мөрөөдөлд хүрэхсэн, бас тэнгэрлэг ивээл хишгийн титмээр тэргүүнээ чимэн, “Аяа, Нэн Яруу алдарт, Бурханы Алдар минь!” хэмээх ялалтын уриаг уухайлан өргөхсөн.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13090)

Аяа, өгөөмөр Эзэн тэнгэр минь! Эдгээр хүмүүс бол хамтдаа хуран цугласан, Таны хайранд умбасан Таны анд нөхөд билээ. Тэд Таны гоо үзэсгэлэнгийн туяанд уяран хөөрч, Таны нүд булаам, анхилуун намираа үсэнд сэтгэл автсан билээ.  Тэд зүрх сэтгэлээ Танд бүрнээ даатгаж, номхон хүлцэнгүй, хүч мөхөс байдлаар Таны зам мөрөөр хэрэн хэсүүчлэх ажгуу. Тэд таних андаа ч, танихгүй хүмүүсийг ч умартан орхиж, Таны эв нэгдлийн амгайгаас бат зуурсаар Таны өмнө бишрэнгүйгээр мэхийсэн байна.

Доорд энэ ертөнцөд харъяатай байсан тэднийг Та Хаант улсдаа угтан авсан билээ.  Хомсдол хохирлын цөлд ургамал мэт хагдарч хатсан тэднийг Та эрдэм мэдлэг, ухаарахуйн цэцэрлэгт зулзаган мод болгон ургуулсан.  Дуу хоолойгоо гаргах чадалгүй анир чимээгүй байсан, тэд. Харин Та тэдэнд үг дуугаа гаргахад нь тусалсан. Сэтгэлээр унаж гутарсан байсан тэднийг Та урамшуулан гэгээрүүлсэн билээ. Хатаж гандаад, үржил шимгүй хөрс лүгээ адил байв, тэд. Харин Та тэднийг дотоод утга санаагаар баялаг сарнайн цэцэрлэг болгон хувиргасан. Тэд хүн төрөлхтний ертөнцөд балчир хүүхэд мэт байсан бол Та тэднийг тэнгэрлэг ертөнцөд нас бие гүйцэхэд нь тусалсан билээ.

Аяа, эелдэг Бурхан минь! Та тэдэнд Өөрийн хамгааллын нөмөр дор хоргодох орогнол олгож, зовлон сорилтоос өмгөөлөн хамгаална уу. Тэдэнд Та үл үзэгдэх тус дэмжлэгээ өгч, Өөрийн хувиршгүй өршөөл ивээлээ хайрлана уу.

Аяа, эелдэг, хайрт Эзэн тэнгэр Та минь! Тэд бол ахуй бие бөгөөд харин Та амьдралын Сүнс ажгуу.  Сүнсний буян ивээлээс ахуй биеийн соргог, гоо үзэсгэлэнт чанар хамаарах бөлгөө. Тиймийн учир тэд Таны өглөг баталгааг горилон энэхүү шинэ Үүдэл нээлтэд Ариун Сүнсний дэмнэх эрч хүчийг хүсэмжлэн гуйж байна. Та бол Хүчирхэг. Та бол Өглөгч, Хангагч, Хишиг хайрлагч, Өршөөгч бөлгөө. Та бол үл үзэгдэх Ертөнцөөс тодрон гялалзах Нэгэн бөлгөө.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13091)

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Хүнд адармаатай зовлон бэрхшээл тулгарч, асар том гай барцад нүүрлээд байна. Эзэн тэнгэр минь! Эдгээр зовлон зүдгүүрийг арилган Өөрийн хүч чадлын нотолгоог харуулж хайрлана уу.  Энэ бүх гай бэхшээлийг нимгэлж, хүнд бартаат энэхүү аянд бидний замыг дардан болгож хайрлана уу. Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Гай барцад даамжирч, хэцүү бэрхшээл дүүрэн нөр их хөдөлмөр маань үй түмэн шаналал зовлонтой хавсарчээ. Танаас өөр туслагч алга, Танаас өөр тэтгэгч алга. Бид бүхий л итгэл найдвараа Танд л чиглүүлж, бүхий л ажил хэргээ Таны л халамж ивээлд даатгана. Та болбоос Удирдан чиглүүлэгч, зовлон зүдгүүр бүхнийг Арилгагч. Та болбоос Цэцэн мэргэн, аливааг Харагч, Сонсогч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13092)

Аяа, Энэрэл нигүүлслийн Бурхан минь! Аяа, Хамгийг Чадагч Та минь! Миний бие хүчин мөхөс, сул дорой өчүүхэн зарц боловч Таны гоо жавхлан, ивээл хишгийн нөмөрт бойжиж, Таны энэрэл нигүүслийн сүүгээр тэжээгдэж, Таны элбэрэл хайрын өвөрт өсөн торнисон нэгэн билээ. Эзэн тэнгэр минь! Би хэдий ядуу дутмаг авч, Таны буян хишгийн ачаар ядуу дорой бүхэн элбэг хангалуунд хүрдэг билээ. Харин Таны хайр хишгээс хөндийрөн хагацсан баян чинээлэг бүхэн үнэндээ ядуу хоосон болой. 

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Уул хад бүрийг тоос шороо болгон бутаргатал, хамгийн өндөр оргилыг ч үлдээлгүй тэгшилтэл сорилт шалгуурын хүч агуу их, зовлон бэрхшээлийн дайралт туйлын ширүүн байгаа тул энэхүү хүнд зовлонг тэсвэрлэхэд минь хүч тэнхээ хайрлаж, энэхүү эрхэм дээд соёрхол хишгийг сахин хадгалахад минь тусална уу.  Зүрх сэтгэлдээ Таныг дурсан санахаас өөр юуг ч эс эрэлхийснийг минь, сэтгэл оюундаа Таны хайраас өөр юуг ч хүсээгүйг минь Та бүрнээ мэдэх билээ. Таны хайрт шавь нарт үйлчлэхэд минь намайг дэмжин өргөж, Таны Босгонд  сөгдөн үйлчлэх буянаар үүрд оршиход минь тусалж хайрлана уу.  Та бол Хайр ивээлт билээ. Та бол хэмжээлшгүй их буян хишгийн Эзэн тэнгэр билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13093)

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Намайг сэрээж, ухаарал хайрлаач. Танаас өөр бүхнээс намайг ангижруулж, Өөрийн гоо үзэсгэлэнгийн хайр энэрлээр намайг олзолно уу. Ариун Сүнсний амьсгалаар намайг үлээж, Абха-н Хаант улсын дуудлагыг сонсоход  минь тусална уу. Надад хурмастын хүч хайрлаж, сүлд хийморийн дэнлүүг зүрх сэтгэлийн минь сүмд гэрэлтүүлж хайрлана уу. Намайг аливаа хүлээснээс чөлөөлж, аливаа уяаснаас ангижруулж, улмаар гагцхүү Таны хүсэл тааллаас өөр хүсэл мөрөөдлийг үл тээж,  гагцхүү Таны Дүрээс өөр юу г ч үл эрэлхийлж, гагцхүү Таны зам мөрөөс өөр ямар ч зам мөрөөр үл алхахад минь туслаач.  Гоомой бодолтой нэгэнд ухаарал хайрлаж, гүн нойрондоо дугжирагсдыг сэрээж, цангаж ундаассан нэгэнд амьдралын рашаан усыг барьж, өвчин эмгэгт баригдсан хүмүүнд тэнгэрлэг эмийг хүртээхэд минь тусална уу. 

Би өчүүхэн доорд, ядуу нэгэн билээ. Харин Та бол миний нөмөр нөөлөг ба орогнол, миний өмөг түшиг ба дэм тулгуур билээ. Хамаг бүхэн гайхан шагширтал Өөрийн тусламж дэмжлэгийг илгээнэ үү. Бурхан минь! Чухамхүү, Та бол Хамгаас Хүчит, Нэн Чадалтай, Өглөгч, Хишиг хайрлагч, Бүхнийг Харагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13094)

Тэрээр Бурхан билээ. 

Бурхан минь, Бурхан минь! Би өөрийн нүүр царайг Танд хандуулж, Таны анагаагч тэнгис далайн давалгаанд сүслэн залбирч байна. Таны хүн ардад үйлчилж, Таны шадар зарц нарыг анагаахад минь харамгүй туслаач, Эзэн тэнгэр минь. Хэрэвзээ Та надад туслах аваас миний хүртээх эмчилгээ нь өвчин эмгэг бүрийг анагаах эмнэл засал, ангаж ундаассан бүхний цангааг тайлах амьдрал хайрлагч рашаан ус, санаархан гиюүрсэн зүрх сэтгэл бүрийг тайтгаруулагч анхилуун гүгэл болно. Харин хэрэвзээ Та надад үл туслах аваас энэ бүхэн зөвхөн зовлон зүдүүр л дагуулах агаад улмаар ямар ч хүмүүнийг би анагааж үл дөнгөнөм. 

Аяа, Бурхан минь, Бурхан минь! Өвчин эмгэгтэйг анагаан илааршуулахад минь Өөрийн хүч чадлаар тусалж хайрла. Чухамхүү, Та бол Анагаагч, Хангагч бөгөөд өвчин зовлон бүрийг арилгагч, бүхий л зүйлсийг эрхшээн ноёрхдог Бурхан билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13095)

Аяа, Эзэн тэнгэр минь! Насны минь эцэс эхэн үеээсээ онцгой давуу байж, амьдралынхаа төгсгөлд Таны үй түмэн адис ивээлийн үүд хаалгыг нээхийн тулд Өөрийн гоо жавхлан ба хайр ивээл, Өөрийн асрал халамж ба хамгаалалт, Өөрийн нөмөр нөөлөг ба буян хишгийн хувь хэмжээг надад соёрхож хайрлана уу. Таны хайр халамж ба ивээл хишиг над дээр хором мөч бүрт тусч, Таны өршөөл энэрэл амьсгал бүрийг минь сахин хамгаалах болтугай.  Улмаар эцэст нь, Таны өндөрт өргөсөн Тугийн халамжит сүүдэр дор Хамгаас Магтаалт Нэгэний Хаант улсдаа би амар тайван очих болмой.  Та бол Хишиг хайрлагч, Хэзээд Хайр ивээлт бөгөөд чухамхүү Та болбоос ивээл хишгийн Эзэн тэнгэр билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13096)

Аяа, Хангагч, Өршөөгч Та минь! Нэгэн буян заяат сэтгэлтэн бодит үнэний Хаант улс өөд хөөрөн дээшилж, зуурдын тоост ертөнцөөс үүрд мөнхийн яруу алдрын орны зүг яаравчлан одлоо. Эдүгээ морилсон шинэхэн зочныхоо байр суурийг өргөмжилж, он удаан жил үйлчилсэн энэхүү шадар зарцдаа цоо шинэ гайхалтай өмсгөл өмсүүлэн гоёгтун. 

Аяа, Зүйрлэшгүй Эзэн минь!  Таны үл тайлагдах нууцат өргөөнд нэвтрэн орж, цог жавхлант чуулганы ойр дотны анд нөхөр болох тавиланг олоход нь эл талийгачид тусалж, Өөрийн уучлал өршөөл ба уярам зөөлөн хайр халамжаа түүнд хүртээнэ үү.  Та бол Өглөгч, Хишиг хайрлагч, Хэзээд Хайр ивээлт. Та бол Өршөөн уучлагч, Уян зөөлөн сэтгэлт, Нэн Чадалтай нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13097)

Тэрээр Бурхан бөлгөө.

Аяа, өршөөнгүй Эзэн тэнгэр Та минь! Эдгээр шадар зарц нар эрхэм буянт сэтгэлтнүүд байсан бөгөөд тэдний гэгээн цагаан зүрх сэтгэл Таны удирдамжийн гэрэлд гийн цацарч байсан билээ. Тэд Таны хайрын дарсны халин бялхсан бумбанаас хүртэж, Таны мэдлэгийн аялгуунаас эгшиглэх мөнхийн нууцсыг чих тавин сонордсон билээ. Тэд зүрх сэтгэлээ Танд тушаан даатгаж, хол хөндий байдлын хүлээснээсс ангижран салаад, Таны эв нэгдлээс бат зууран атгасан билээ.  Эдгээр нандин сүнсийг Диваажингийн орны иргэдтэй андлуулан нөхөрлүүлж, Өөрийн сонгомол хань нөхдийн хүрээнд багтааж хайрлана уу. Тэднийг дээд ертөнцийн амгалан өргөөндөө Өөрийн нууцсыг тайлах дотны андаа болгож, гэрлийн далайд тэднийг умбуулж хайрлана уу. Та бол Хишиг хайрлагч, Туяаран гийгүүлэгч, Элэгсэг бөлгөө.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13098)

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь! Таны Босгонд үйлчлэгч энэхүү шадар зарцынхаа аав, ээжийг Та Өөрийн өршөөлийн далайд умбуулж, аливаа нүгэл гэм, алдаа дутагдлыг нь цагаатган ариусгаж хайрлана уу.  Тэдэнд минь Та өршөөл ивээлээ хайрлаж, Өөрийн уучлах уужуу сэтгэлээ үзүүлнэ үү. Та бол чухамхүү Өршөөн уучлагч, Хэзээд Өршөөнгүй, хязгааргүй буян хишиг Хайрлагч бөлгөө. Аяа, өршөөн уучлагч Эзэн тэнгэр Та минь!  Хэдийгээр бид нүгэлтэн ч гэлээ, Таны амлалт, дэмжлэг баталгаанд итгэл найдвараа бүрэн даатгасан билээ. Бид хэдий алдаа дутагдлын харанхуйд умбасан  ч гэлээ, бүхий л цагт Таны өлзий буяны өглөөний туяанд нүүр царайгаа хандуулж ирсэн билээ. Таны Босгоны таалалд нийцэхүйц байдлаар Та бидэнд хандаж, Таны тэнгэрлэг Өргөөнд зүй зохицох тэр зүйлийг бидэнд хайрлана уу. Та бол Хэзээд Өршөөнгүй, Өршөөн уучлагч, алдаа дутагдал бүрийг үл хэрэгсэгч Нэгэн бөлгөө.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13099)

Аяа, элэгсэг Эзэн тэнгэр Та минь! Миний зүрх сэтгэлийг аливаа юманд хорогдох хүлээснээс ангижруулан ариусгаж, сүнсийг минь баярт мэдээгээр баясган цэнгүүлнэ үү. Анд нөхөр эсвэл үл таних хүн ч бай,  хэнд ч дасан зууралдахаас намайг Та чөлөөлж, Өөрийн хайраар намайг татан олзол.  Тэгэх аваас би Танд өөрийгөө чин үнэнчээр зориулж, бадрангуй цэнгэл жаргалаар дүүрэх бөгөөд Танаас өөр юуг ч хүсэн мөрөөдөхгүй, Танаас өөр хэнийг ч эрэлхийлэн хайхгүй, Таны замаас өөр замаар алхахгүй, гагцхүү Тантай л харилцах болой.  Мөн тэгэх аваас алтан гургалдай лугаа адил би Таны хайранд автан уярч, өдөр шөнөгүй санаашран гасалж, "Яа Бахаул-Абха!" хэмээн дуу алдан уйлах болно.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13100)

Аяа, Эзэн тэнгэр минь!  Юутай арвин өлзий буяны бялхан оргисон ундаргыг хайрлаж, юутай элбэг дэлбэг ивээл хишгийн цутгалыг хүртээгээ вэ, Та минь? Та бүхий л зүрх сэтгэлийг нэгдмэл нэг болгож, бүх хүмүүсийг нэгэн хүн мэт болгон холбожээ. Та  үлбэгэр дорой бие махбодид амьдрал, мэдрэхүй заяаж, амьгүй бие цогцост амин сүнсний ухамсрыг хайрласан бөлгөө. Бүхнээс Энэрэнгүйн Үүрийн гэгээнээс цацрах туяагаар Та тоост дэлхийн эдгээр атомд нүдэнээ үзэгдэх оршихуй хайрлаж, агшин зуурхан л оршоод уусдаг эдгээр дуслуудад нэг нэгдмэл чанарын далайн давалгаагаар оргилон босож чанга хүрхрэн дуугарах боломжийг Та олгосон билээ.  

Аяа, сүрлийн ишэнд уулын хүч чадлыг хайрлаж, тоосны өчүүхэн ширхэгт сүр жавхлант нарны суу алдрыг тольдон харуулах боломжийг олгосон Хамгаас Хүчит Бурхан минь! Таны Үйл Хэргийн төлөө үйлчлэхээр эгцлэн, газар дэлхийн хүн ардуудын өмнө нүүр бардам зогсоход маань тусалж Та Өөрийн эелдэг зөөлөн хайр энэрэл, буян хишгээ бидэнд хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13101)

Аяа, Хамгийг Чадагч Эзэн тэнгэр минь! Бид бүгдээр Таны сүр хүчийн чанга атганд багтдаг билээ. Та бол биднийг Дэмжин тэтгэгч, бидэнд Туслагч билээ. Өөрийн хайр энэрлээ бидэнд хүртээж, Өөрийн өлзий буяныг бидэнд хайрлан, гоо жавхлангийнхаа үүдийг нээж, ивээл хишгийнхээ харцыг бидэн дээр тусгана уу.  Сэргээн бадруулах сэвшээ салхиар биднийг үлээж, хүсэл тэмүүлэлдээ автсан зүрх сэтгэлийг маань амилуулан хөгжөөнө үү.  Бидний мэлмийг гийгүүлж, амин зүрхний ариун дагшин сүмийг маань цэцэг навчит сүүдрэвч бүрийн атаархал болох энх тунх орчин болгоно уу.  Хүн бүрийн сэтгэл санааг цэнгээн жаргааж, оюун сэтгэл бүрийг баясган хөгжөөнө үү. Та өнө эртний суу чадлаа нээн, Өөрийн агуу сүр хүчээ тодруулан харуулна уу.  Хүмүүний сэтгэлийн шувуудыг шинэ шинэ өндөрлөгт дүүлгэн нисгэж,  Таны Хаант улсын нууцсыг энэхүү нүгэлт хорвоо дээрх итгэмжит хүмүүстээ ухааруулна уу. Бидний алхаа гишгээг батжуулж, гуйвшгүй зүрх сэтгэлийг хайрлана уу. Бид бол нүгэлтэн, харин Та Хэзээд Өршөөнгүй бөлгөө. Бид Таны шадар зарц нар, харин Та бүхнийг эрхшээгч Эзэн тэнгэр билээ. Бид орон гэргүй тэнэмэл, харин Та бол бидний хоргодох орон, орогнох газар бөлгөө. Таны анхилуун сэвшээг тархаан түгээхэд мөн Таны Үг айлдварыг магтан өргөмжлөхөд бидэнд туслан ивээлт дэмээ хайрлана уу.  Үгээгүй нэгнийг өөдлөн дээшлүүлж, зүдэрсэн нэгэнд Өөрийн шавхагдашгүй эрдэнэсээс хүртээнэ үү.  Ядруухан доройд Та хүч тэнхээ хайрлаж, өчүүхэн сул нэгнийг тэнгэрийн хүчээр ивээнэ үү. Та бол Хангагч, Та бол Ивээлт, Та бол бүхий л зүйлсийг захирдаг Эзэн тэнгэр мөн билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13102)

Тэрээр Нэн Ариун, Нэн Яруу алдарт билээ. 

Нигүүлсэнгүй, Энэрэлт Бурханы нэрээр өчих минь! Бүх хорвоо ертөнцийн Эзэн тэнгэр Бурханыг магтан мандуулъя! 

Эзэн тэнгэр Бурхан минь, миний Аврал, миний Орогнох цайз минь! Таны хязгааргүй хүч чадлын нэгэхээн ч болов шинж тэмдгийг шагшин мандуулахаар, эсвэл Таны бүтээсэн ганц ч болов Үгийг магтан өргөмжлөхөөр оролдох бүрдээ уран цэцэн хүн бүрийн хэл яриа хүчгүйдэж, хүмүүний бийр болон амнаас ундрах магтаалын үгс мөхөстөнө гэдгийг би мэдэх тул алдаршуулан дуурсгах хамгийн тансаг дээд үгс,  магтан дуулах хамгийн уран яруу өргөмжлөлийг ашиглаад ч Таны алдар нэрийг бүрнээ дурсаж хэрхэн чадах билээ, аяа, Хамгаас Хүчит, Өршөөнгүй Та минь ээ. Үнэнхүү, Таны тэнгэрлэг гэгээн чанарын агаар мандалд хөөрөн дүүлэх гэж  оролдохдоо хүмүүний оюун ухааны шувуухайн далавч туйлдан хугарна, Таны эрдэм мэдлэгийн асарын сүрлэг оройд эмзэг тороо урлан нэхэхийг хүсэгч дэмий хоосон төсөөллийн аалзнууд ч хүчин мөхөстөнө. Тиймээс чадалгүй дорой байдал, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аврал надад үгүй, ядуу дутуугийн гүнд оршихоос өөр оромж үгүй. Чухамхүү, Таныг ойлгон мэдэхэд хүчин мөхөстөх нь ухаарлын мөн чанар, алдаа дутагдлаа ухамсарлан хүлээх нь Таны ахуйд дөхөх цорын ганц зэмсэг, үгээгүй хоосноо хүлээн зөвшөөрөх нь үнэн баялгийн эх булаг болой. 

Эзэн тэнгэр минь! Таны өргөмжит Босгонд үйлчлэхэд минь өчүүхэн надад болон Өөрийн үнэнч шадар зарц нартаа ивээл хайраараа тусална уу. Таны тэнгэрлэг ариун чанарт хүлцэн залбирахад маань бидэнд хүч тэнхээ  хайрлаж, Таны нэг нэгдмэл чанарын үүд хаалганы өмнө даруу хүлцэнгүй, дуулгавартай байлгаж өгнө үү.  Аяа миний Эзэн тэнгэр, Таны замаар замнах миний алхаа гишгээг батжуулж, Өөрийн шидэт нууцсын тэнгэрээс гялалзан цацарсан туяагаар миний зүрх сэтгэлийг гийгүүлээч. Та Өөрийн өршөөл энэрлийн диваажингаас үлээсэн сэргээгч сэвшээгээр миний сэтгэл зүрхийг ариусгаж, ариун мөн чанарынхаа нугаас тархаасан сэргээн амилуулагч амьсгалаар сэтгэл зүрхийг минь хөгжөөн баясгаач.  Миний нүүр царайг Таны эв нэгдлийн хаяанаас дээгүүр гэрэлтүүлж, намайг Танд чин сүсэгт шадар зарц нарынхаа нэг болгож, Таны хатуу тууштай шадруудын эгнээнд оруулж хайрлаач.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13103)

Аяа Эзэн тэнгэр Бурхан минь! Бид чадалгүй дорой, харин Та бол хүч чадлын Эзэн тэнгэр билээ. Бид өрөвдөлтэй, харин Та бол Хамгаас Хүчит, Хамгаас Яруу алдарт билээ. Бид ядуу дорой, харин Та бол Бүхнийг Эзэмшигч, Хамгаас Өгөөмөр билээ. Таны Ариун босгонд үйлчлэхэд бидэнд харамгүй сэтгэлээр тусалж, Таны магтуу ундран эгшиглэх газруудад Танд сүсэглэн залбирахад минь Өөрийн ивээл хишгийн хүч чадлаараа биднийг дэмжин түшинэ үү. Таны бүтээлт амьтдын дунд Таны ариун сүрчгийг түгээн тархаахад бидэнд тусалж, Таны шадар зарц нарын дунд Танд үйлчлэх бодь биед маань хүч тэнхээ оруулаач. Чингэснээр бид бүх улс үндэстэнг Таны Нэн Агуу Алдарын зүг залан чиглүүлж, бүх хүн ардыг Таны нэг нэгдмэл чанарын гайхамшигт далайн эрэгт хөтлөн дуудах болно. 

Эзэн тэнгэр минь! Биднийг газар дэлхий хийгээд түүний хүн ардын хүлээснээс, өнгөрсөн үеийн нүгэл хилэнц, ирээдүйн зовлон зүдгүүрээс ангижруулж, улмаар бид зөвхөн Таны Үг айлдварыг туйлын баяр баясгалан, гэрэл гэгээ дүүрэн өргөмжлөн мандуулж, Таны магтууг өдөр шөнөгүй дуурсган цэнгэж, бүхий л хүн ардыг удирдамжийн замд хөтлөн дуудаж, шулуун шударгыг баримтлахыг тэдэнд үүрэг болгож, Таны бүтээлт амьтдын дунд Таны шад мөрүүдийг уянгалуулан дуулдаг болох болтугай. Та Өөрийн таалалд нийцсэн бүхнийг хийх чадалтай билээ. Чухамхүү Та бол Хамгаас Хүчит, Нэн Чадалтай нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13104)

Тэрээр Бурхан билээ. 

Аяа, энэрэнгүй хайрт Эзэн тэнгэр минь! Эдгээр анд нөхөд бол Гэрээсийн дарсанд хөөрөн цэнгэсэн, Таны хайрын онгон зэлүүд нутгаар хэрэн хэсүүчлэгчид билээ. Тэдний зүрх сэтгэл Танаас алс холдсон хагацлын галд шатаж, Таны сүр жавхлан илрэн гарахыг хичээнгүйлэн хүсэмжилж байна. Өөрийн далд нууц Орон болох үл үзэгдэх Хаант улсаасаа тэдэнд Өөрийн энэрэл буяны гялалзан цацарсан алдар сууг нээн харуулж, Өөрийн буян хишгийн гэрэл туяаг тэдэн дээр тусгаж хайрлана уу.  Хором мөч бүрийд шинэ адис хишиг ар араас нь илгээж, ивээл хайрынхаа шинэлэг хувь хишгээ үзүүлээч. 

Аяа Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Бид сул дорой, харин Та бол Нэн Чадалтай нь билээ. Бид өчүүхэн шоргоолж лугаа адил, харин Та бол Алдарын Ертөнцийн Эзэн хаан билээ. Өөрийн ивээл хайраас хүртээж, Өөрийн буян хишгээс бидэнд хайрлаач, чингэснээр бид галын дөлийг бадрааж гэрэлт цацрагийг нь хаа сайгүй тусган, хүч чадлаа илрүүлэн гаргаж үйлчлэн зүтгэх болно.  Бүдэг харанхуй энэ газар дэлхийд гэрэл гэгээг,  зуурдын энэ тоост орчлонд оюун санаанлаг байдлыг авчрах үйлсийг минь батжуулна уу. Биднийг нэг хором ч атугай амсхийх завгүй байлгаж, энэ амьдралын зуурдын юмсаар өөрсдийгөө бузартуулахгүй байхад туслаач.  Тэнгэрлэг удирдамжаар дайлах баярын ширээ засаж, хайрын шад мөрүүдийг амин цусаараа сийлж, айдас түгшүүр, аюул ослыг ардаа орхиж, үр жимсээ өгдөг мод мэт болж, зуурдын энэ ертөнцөд хүмүүний төгс төгөлдрийг илэрхийлэн харуулахад бидэнд туслаач. Үнэнхүү, Та бол Бүхнээс Буян хишигтэн, Хамгаас Нигүүлсэнгүй, Хэзээд Өршөөнгүй, Өршөөн уучлагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13105)

Тэрээр Хамгаас Яруу алдарт билээ. 

Миний Эзэн тэнгэр, миний Эзэн хаан, намайг Захирагч миний Эзэн дээдэс минь! Өчүүхэн би үг хэл, зүрх сэтгэлээрээ Таныг дуудан ийнхүү гуйх минь: Энэхүү шадар зарцдаа Өөрийн энэрэл халамжийн нөмрөг, хувиршгүй ач тусын өмсгөл, Өөрийн хамгааллын хуяг дуулгаа өмсүүлж хайрлана уу. Таныг дурсан санаж Таны буянт нандин чанарыг Таны хүн ардын дунд өргөмжлөн дуурсгахад нь түүнд тусалж, Таны эв нэгдэл, ариун дагшин шинж чанарыг магтан мандуулахаар хуран чуулсан цуглаан бүр дээр Таныг алдар сууг өргөмжилж, шагшин магтаг хэмээн хэл яриаг нь чөлөөлж өгнө үү. Үнэнхүү, Та бол Хүчирхэг, Чадалтай, Хамгаас Яруу алдарт, Дангаар оршигч нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13106)

Аяа Элэгсэг Эзэн тэнгэр, зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Та минь ээ! Өөрийн эелдэг зөөлөн сэтгэлийг Өөрийн анд нөхдөд үзүүлж, хувиршгүй энэрэл буянаасаа тэдэнд хүртээж соёрхоно уу.  Танд зориулсан хайрандаа дүрэлзэн оргилсон тэдний сэтгэл санааг нь Та уужруулж, Таныг хүсэн мөрөөдсөн тэдэнд хань нөхөр, тайтгарал, хайр дүүрэн журмын анд нь болно уу. Тэдний зүрх сэтгэл Таны хайрын галд дүрэлзэж, тэдний сэтгэл Таны төлөөх үнэнч сэтгэлийн халуун дөлд шатан  байна.  Тэдний хүн нэг бүр амь амьдралаа өргөл болгоход бэлэн, хайрын тахилын хоймор өөд яаран тэмүүлнэ. 

Аяа Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Өөрийн өршөөл нигүүлслийг тэдэнд хайрлаж, зөв замд залан чиглүүлж, оюун санааны ялалтанд хүрэхэд нь ивээлээр тусалж, хурмастын буян хишгээ тэдэнд хайрлаач. Эзэн тэнгэр минь, Өөрийн өгөөмөр ивээл буянаар тэдэнд тусалж, тэдний гэрэлтсэн нүүр царайг Таны мэдлэгийн төлөө чуулсан хурал чуулганыг гийгүүлэх удирдамжийн гэрэлт дэнлүү, Таны шад мөрүүдийг дуурсгах уулзалт цуглааныг ивээх тэнгэрлэг буян хишгийн шинж тэмдэг болгож хайрлаач. Та үнэнхүү Энэрэнгүй, Бүхнээс Буян хишигтэн, бүхий л хүн төрөлхтний залбиран гуйдаг Цорын ганц Туслагч нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13107)

Тэрээр Хамгаас Гоо жавхлант, Хамгаас Сүр жавхаат мөн билээ.

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь, өршөөнгүй Эзэн тэнгэр минь! Таныхаа магтууг зүй ёсоор аялгуулан дуулж, эсвэл Таныгаа бүрэн хангалттай сүсэглэн биширч, магтан мандуулж яахан чадах билээ, өчүүхэн би? Ямар ч хэлээр Таныг дүрслэн тайлбарлавал чухамдаа алдас болох бөгөөд Таны дүрийг ямар ч үзгээр дүрслэн харуулъя гэвээс ийм агуу бэрх зүйлийг оролдож үзэх нь үнэнхүү мунхагийн нотолгоо болох билээ. Хэл бол махбодын элементээс бүрэлдсэн хэрэгсэл төдий бөгөөд дуу хоолой, хэл яриа нь тохиолдлын л чанартай онцлог шинжүүд бөлгөө. Тиймээс би газрын дуу хоолойны хэрэгслээр хэний ч үл зэрэгцэх, хэний ч үл эн тэнцэх Түүний магтууг хэрхэн алдаршуулан дуулж чадах билээ? Миний өгүүлэн хэлж, эрэлхийлж чадах бүхэн болбоос хүмүүний оюун ухаанд л багтах, хүмүүний ертөнцийн хязгаарт л баригдах зүйлсээр хязгаарлагдана.  Хүний ухаан бодол тэнгэрлэг ариун мөн чанарын тэртээх өндөр оргилууд руу хэрхэн мацаж чадах билээ?  Хоосон мөрөөдлийн аалз нь ариун дагшин чанарын энх тунх орчинд дэмий төсөөллийн эмзэг тороо хэрхэн нэхэн сүлжиж чадах билээ? Гагцхүү өөрийн хүчин мөхөс, бүтэлгүй дорой байдлаа гэрчлэн өчихөөс өөр юу ч би хийж үл дийлнэ.  Та бол үнэнхүү Бүхнийг Эзэмшигч, Хүршгүй бөгөөд ойлгон ухаарагч хүмүүний ойлгох ухаанаас ч дээр цаглашгүй өндөрт өргөмжлөгдсөн Тэрээр мөн билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13108)

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь!  Хэзээд Өршөөнгүй Та минь! Хамгаас Хүчит, Буян ивээлт Бурхан Та минь ээ!  Өөрийн Алдарын сүүдэр дор хорогдох боломжийг энхрий хайрт шавьдаа олгож,  Өөрийн энэрэл хайрын орчинд хөгжин цэцэглэх тавиланг энэхүү азгүй мөхөс нэгэнд хайрлана уу.  Таны ойр орчимд суух бумбанаас түүнд амсуулж, Адистат Модныхоо сүүдэр дор амьдруулж хайрлана уу.  Тантай учран золгох алдар гавъяаг хайрлаж, өнө мөнхийн амар жаргалыг түүнд минь хүртээнэ үү.  Энэхүү эрхэм хүмүүний ард үлдсэн төрөл төрөгсдөд нь хайрт эцгийнхээ ул мөрийг дагаж, буянт зан үйл, авир байдлыг нь олны дунд үлгэрлэн харуулж, Таны замналаар замнаж, Таны хүсэл таашаалыг эрхэмлэж, Таны магтууг дуурсгахад нь тусалж хайрлана уу.  Та болбоос Хэзээд Хайр ивээлт Бурхан, буян хишгийн Эзэн тэнгэр мөн билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13109)

Аяа, хосгүй Бурхан Та минь ээ!  Таны номхон даруу шадар зарц нар билээ, бид.  Харин та бол Хамгаас Яруу алдарт.  Нүгэлтнүүд билээ, бид. Харин Та бол Хэзээд Өршөөнгүй.  Бид үхээнц дорой олзлогсод, харин Та бол бидний нөмөр нөөлөг, аврал тусламж билээ.  Бид шоргоолж мэт өчүүхэн дорой, харин Та бол дээдийн дээд диваажинд заларсан сүрлэг хүчит Эзэн тэнгэр билээ.  Өөрийн гоо жавхлангийн бэлэг тэмдэг болгон биднийг хамгаалж, хайр халамж, анхаарал тусламжаа биднээс бүү татгалзаач.  Эзэн тэнгэр минь!  Таны сорилт шалгуур үнэнхүү хүнд, Танаас ногдуулах зовлон шаналал ган төмрөөр хийсэн суурийг хүртэл сүйрэлд хүргэх аюултай.  Биднийг бэхжүүлэн тэтгэж, зүрх сэтгэлийг маань баясган хөөргөж хайрлана уу.  Таны ариун Босгонд Абдул-Бахагийн адилаар үйлчлэн зүтгэхэд бидэнд буян ивээлээрээ тусалж хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13110)

Тэрээр Бурхан билээ. 

Бурхан минь, Бурхан минь! Өчүүхэн би туйлын хүлцэнгүй, чин халуун сэтгэлээр, номхон даруу, бишрэнгүй байдлаар үг хэл ба зүрх сэтгэл, оюун билиг ба амин сүнс, ухаан бодол ба санаа сэтгэл бүхнээ дайчлан Танд наманчлан гуйх минь:  Танаас болгоосон энэхүү гайхамшигт гэгээн өглөө Таны халамжийн сүүдэр дор яаравчлан хорогдохыг хүсэж, Таны аюулгүйн нөмөр, Таны хүчирхэг бат цайзанд орогнол эрсэн энэхүү гэр бүлийнхэнд хамгийн нандин хүсэл мөрөөдөл бүхнийг нь болгоож, хамгийн сайшаалтай буянт үйлс бүхнийг тэдэнд заяаж, алдар гавъяа ба төгс төгөлдөр, буян ивээл ба гоо үзэсгэлэн, элбэг хангалуун байдал ба аврал бүхнийг тэдэнд айлтган хайрлана уу.  Үнэнхүү, эдгээр хүмүүс Таны дуудлагыг анхааран сонсож, Таны Босгонд ойртон дөхөж, Таны хайрын галд дүрэлзэн асаж, Таны ариун чанарын салхинд уяран хийссэн билээ.  Таны Үйл хэрэгт үйлчлэхдээ тэд тууштай зогсож, Таны Дүр царайны өмнө номхон даруу, Таны халамжит сүүдэр дор уужуу сэтгэлийг харуулсан билээ.  

Бурхан минь, Бурхан минь! Өнө эртний алдраараа тэднийг өргөмжилж, сүр жавхлангийн Хаант улсдаа алдар хүнд хүртээж, гайхамшигт энэ Өдөр буян хишгийнхээ сахиусан тэнгэрүүдээр тэднийг дэмжүүлэн тэтгэнэ үү.  Эзэн тэнгэр Бурхан минь!  Сүлд далбааг нь өндөрт өргөж, халамж хамгаллынхаа арвин хувийг тэдэнд тасалж, шинж тэмдгийг нь өргөн тархааж, цог хийморийг нь нэмж хайрлана уу.  Улмаар Таны үй түмэн буян ивээлийн зулыг бадраах шилэн дэнлүү, Таны хайр халамж, ивээл буяныг түгээн цацагчид болоход нь тэдэнд тусална уу.  

Эзэн тэнгэр Бурхан минь!  Ганцаардсан үед нь хань нөхөр болж, зовж шаналах мөчид нь тусламж дэмжлэгээрээ тэднийг хүрээлнэ үү.  Өөрийн Судар номыг тэдэнд гэрээслэн үлдээж, Өөрийн хишиг ивээлийн дүүрэн хувь хэмжээг хайрлана уу.  Та бол үнэхээр Хүчирхэг, Чадалтай, Ивээлт, Буян хишигт бөгөөд үнэнхүү Та бол Энэрэнгүй, Нигүүлсэнгүй нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

Абдул-Бахагийн 26 мөргөл (#13111)

Ивээл буян үлэмж, гоо хишиг арвин Эзэн тэнгэр Таны 
Аяа, энгүй их ухааныг чин зүрхэндээ биширнэм!

Үүрийн гэгээнээр сэтгэлийг тайтгаруулагч нь ганцхан Та,
Хагацал харууслыг минь мэдэх ганцхан Та. 

Алдрыг тань дурсахуйн тансагийг хором ч атугай амссан зүрх 
Ганцхан Таныг л хүсэх шаналлаас өөр хань үл эрнэ. 

Танаас өөрийг мөрөөдөн санаа алдах тэр сэтгэл гундана,
Танаас өөрийг мөрөөдөн нулимсаа асгаруулсан мэлмий хараагүй сохор нь дээр!

Гутралын харанхуйд умбах цагт Таныгаа дурсахуй нь 
Гасланг зүрхнээс тонилгох гэрэл туяа билээ, аяа, хүч чадлын Эзэн тэнгэр минь. 

Хэзээд ч байгаагүй тэр бүхэн эгнэгт оршихын төлөө
Хайр ивээлийн хүчээр Өөрийн оюун сэтгэлийг надад үлээж оруулна уу. 

Нислэг нь удаан, далавч нь хугарсан эдгээр шувуудад 
Нигүүлсэх сэтгэлээсээ шинэ жигүүр хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

